2019 оны 02-р сарын 18

С.ОРХОН: 700 ОРЧИМ МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АЛБАН ТАТВАР ТӨЛНӨ.

Авто тээвэр болон  өөрөө явагч хэрэгслийн албан  татвар төлөх  хугацаа эхэлжээ. Бид  энэ талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч С.Орхоноос тодрууллаа. 

-Автомашины албан татвар төлөх хуулийн хугацаа нэгдүгээр сарын сарын 1-ний өдрөөс эхэллээ. Энэ жилийн  хувьд шинэчлэгдсэн  мэдээлэл  байгаа юу?

-Жил бүрийн нэгдүгээр  сараас  зургадугаар  сарын  нэгний өдөр хүртэл  иргэд өөрийн эзэмшлийн автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлөх ёстой.  Аж ахуйн нэгж,  байгууллагууд  улирал бүр тэнцүү  хэмжээгээр  төлдөг хуулийн  зохицуулалт  бий. Үүнтэй холбоотойгоор Татварын алба таван сарын  хугацаанд  авто  тээвэр  болон өөрөө явагч  хэрэгслийн албан татвар,  агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг  хураах  ажлыг зохион байгуулдаг. Энэ  жилийн  хувьд  нэг онцлог  нь  Татварын алба татварын  удирдлагын  нэгдсэн  систем буюу татварын бүртгэл  мэдээллийн  системээ шинэчилсэнтэй холботойгоор татвараа хялбар төлөх боломжууд нэмэгдсэн. Тээврийн хэрэгслэлд Автотээврийн  үндэсний төвийн бүртгэлийг үндэслэн тээврийн хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны төлбөр, зам ашигласан төлбөрийн ногдлыг оруулж өгнө. Үүнийг  үндэслээд цахим татварын системд автоматаар  нэхэмжлэл үүсэх бөгөөд улмаар энэ нэхэмжлэл  татвар  төлөгчдөд  гар утас  болон  и-мэйл хаягаар нь  хүргэгдэнэ. Татвар  төлөгч нэхэмжлэлээ аваад QR кодоор уншуулж шууд  төлөх  боломжтой. Эсвэл нэхэмжлэлээ аваад банкинд очиж, төлбөрөө хийж болно. Мөн татварын албаны цахим татварын систем  www.e-tax.mta.mn хуудсаар хандаж төлөх боломжтой. Үүнээс гадна өнгөрсөн  жил Нийслэлийн  Мэдээлэл технологийн төвтэй хамтран  хийсэн  www.smartcar.mn цахим системээр  дамжуулан цахимаар төлбөр  төлөх  боломжтой байгаа.

-Энэ  жил  нийтдээ хэчнээн тээврийн  хэрэгсэл эзэмшигч татвар   төлөх ёстой вэ? 

-Улсын  хэмжээнд  Автотээврийн үндэсний төвд бүртгэлтэй 930 гаруй мянган тээврийн  хэрэгсэл  байдаг. Үүнээс хөдөлгөөнд оролцдоггүй, тээврийн  хэрэгслийн  улсын бүртгэлээс хасагдаагүй 200 гаруй мянган тээврийн хэрэгсэл бий.  Тэгэхээр нийтдээ  700 орчим  мянган автомашин өөрөө явагч хэрэгслийн албан татвар  төлөгдөнө. Нийслэлийн  Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын  тогтоолыг  үндэслээд автомашины дугаарын хязгаарлалтыг  нийслэлийн хэмжээнд  явуулдаг.  Үүнийг үндэслээд иргэд татвараа төлнө. Өөрөөр  хэлбэл 1, 6 тоогоор төгссөн бол нэг,  2, 7 тоогоор төгссөн бол хоёр, 3, 8 тоогоор төгссөн бол гурав, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөв,  5, 0 тоогоор төгссөн бол  тавдугаар сард  тус тус төлнө гэж ойлгох хэрэгтэй.  Орон  нутгийн иргэдийн хувьд  дугаарын  хязгаарлалтын  зохицуулалт  байхгүй учраас зургаадугаар сарын нэгний өдөртөө багтаагаад хамрагдах  шаардлагатай. Төлбөр  хураах  цэгийн  хувьд харьяа  дүүргийн Татварын  хэлтсүүддээ хураалгаж болно.  Мөн бүх  оношлогоо  хийх  төвүүдэд банк,  татвар,  оношлогооны нэг  цэгийн  үйлчилгээ ажиллах  учир иргэдэд төвөг  багатай. Нийслэлийн  нэгдсэн  үйлчилгээний төв Дүнжингарав, Мишээл экспо, Драгон  төв  болон  орон  нутгийн  нэг  цэгийн  үйлчилгээний төвүүдэд  татвараа төлөх  боломжтой.  Хамгийн  гол нь цахимаар төлөх боломжуудыг ашиглавал хялбар бөгөөд давуу талтай.

-Өнгөрсөн  оны татвараа төлөөгүй жолооч нар байгаа байх. Эдгээр жолооч нар татвараа хэрхэн төлөх болон,  хуулийн дагуу торгууль ногдуулах  эсэх дээр мэдээлэл  өгөөч?

-Татвараа хугацаанд нь төлөөгүйгээс нөхөн  татвар, торгууль  төлнө. Өнгөрсөн оны татвараа төлөөгүй цөөнгүй иргэд  байна. Хугацаандаа татвараа төлөөгүй бол Зөрчлийн хуулиар торгууль  ногдуулна. Тухайлбал, өмнөх жилийнхээ татварыг  төлөөгүй бол төлөөгүй татварынхаа  10  хувиар  торгуулна  гэж ойлгож болно.

Ярилцсан Д.ОЮУН-ЭРДЭНЭ
Эх сурвалж: www.dardas.mn

   
Plugin from the creators of Brindes :: More at Plulz Wordpress Plugins