2020 оны 01-р сарын 17

Ш. ЦОГЗОЛМАА: ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛ НЭГ ШАТЛАЛТАЙ БОЛЖ БАЙНА.

Татвар төлөгчдийн цагийг хэмнэж, маргаан таслах зөвлөл нэг шатлалтай болж байгаа

Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль энэ онд шинэчлэгдэн батлагдсан. Татварын хуулийн шинэчлэлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс улс даяар албан ёсоор мөрдөнө. Уг хуулийн хүрээнд 35 журмыг шинэчилсэн. Үүнээс маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд ямар өөрчлөлт гарсныг Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагч Ш.Цогзолмаагаас тодрууллаа.

-Татварын хуулийн шинэчлэлээр маргаан таслах зөвлөл нэг шатлалтай болж байгаа гэж байна. Үүнийг товч тайлбарлана уу?

-Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Энэ  зөвлөл нь татварын акттай холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцдэг шүүхийн өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж ойлгож болно. Маргаан таслах зөвлөл нэг шатлалтай болсноор татвар төлөгчдийн цаг хугацааг хэмнэсэн ач холбогдолтой шийдвэр болсон. Өмнө нь аймаг, нийслэлийн татварын газартай харьцдаг татвар төлөгчийн татварын улсын байцаагчийн акттай холбоотой гомдлыг аймаг, нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд, уг зөвлөлөөс гаргасан шийдвэрийг татвар төлөгч эс зөвшөөрвөл Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргадаг байсан бол одоогийн шинэчлэгдэн батлагдсан хуулиар шууд захиргааны шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй болсон.

-Татвар төлөгчдөөс жилд хичнээн гомдол ирүүлдэг вэ?

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд жилд дунджаар 50-60 гомдол ирдэг. Үүнээс 45-50 гомдлыг хянан шийдвэрлэж байна.

-Татвар төлөгчид татварын байцаагчийн акттай холбоотой гомдлыг ямар хугацаанд гаргах ёстой байдаг вэ. Энэхүү гомдлыг буцаах тохиолдол байдаг уу?

Татвар төлөгч татварын улсын байцаагчийн актыг гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор харьяалах маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Татвар төлөгчийн гомдлыг харьяалах чиг үүргийн бус, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, ТЕХ-ийн 17 дугаар зүйлд заасан “харилцан тохиролцох журам”-ын хүрээнд хүсэлт гаргасан зэрэг тохиолдолд хүлээн авахаас татгалзаж болно. Жишээ нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн харьяалах гомдлыг бид хүлээн авахаас татгалзана.

-Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд шинэчилсэн журмаар ямар өөрчлөлт оруулсан бэ?

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий хуулийн 46.5.1, 46.5.2-т маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар, ямар байгууллагын төлөөллийг оруулахыг тусгайлан заасан. Тухайлбал, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд нутгийн захиргааны байгууллага, татварын албаны төлөөлөл, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл оруулна гэж нарийвчлан зохицуулж өгсөн байгаа юм.

   
Plugin from the creators of Brindes :: More at Plulz Wordpress Plugins