2020 оны 01-р сарын 17

Н.Батнасан: Төмөр замын хос шугамтай болчихвол ачаа тээвэрлэлтийн хэмжээ 100 сая тонн хүрэх боломжтой

“Евразийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт бага хурал энэ сарын 3-ны өдөр Шангри Ла зочид буудалд болсон билээ. Энэ үеэр МУИС-ийн профессор Н.Батнасантай цөөн хором ярилцлаа.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилж буй энэ үед хийн хоолойн асуудлыг түлхүү ярьж байна. Ач холбогдлынх нь талаар ч багагүй ярьж байгаа.  Хятадын тал зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг асуудал ч бас бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Оросуудын өөрсдийнх нь хийсэн тооцоогоор Монголоор хийн хоолойг дамжуулбал 2000 орчим км-ээр богино, дөт байх юм билээ. Манай улсын хувьд хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулбал, бид борлуулалтын үйл ажиллагаанаас нь тодорхой хэмжээний орлого олох ёстой. Монголын эдийн засагт бага ч болов хувь нэмэр оруулна гэж харж байгаа. Ерөнхий сайдын айлчлалаас гол хүлээгдэж байгаа зүйл нь хоёр орны хамтын ажиллагаа аль алинд нь илүү ашигтай байх ямар арга зам юу вэ гэдгийг л хайх. Монголын гаралтай бараа бүтээгдэхүүн Орос руу гарахад маш өндөр татвар төлж байгаа. Бидний хувьд хамгийн түрүүнд татварыг бууруулах, бараа бүтээгдэхүүнээ Орос руу гаргах боломжийг яаж бүрдүүлэх вэ гэдгийг сайтар ярих байх.

Мөн зам тээвэртэй холбоотой асуудал байна. Хятад өнгөрсөн жилээс эхлээд АНУ-тай худалдааны дайн хийж байгаа. Тиймээс Хятад худалдааны чиглэлээ өөрчлөх магадлалтай боллоо. Монголоор дамжин өнгөрөх тээвэрлэлт нэмэгдэх боломжтой. Хэрвээ тэгвэл манай эдийн засагт чухал. Хятадын дараагийн том зах зээл нь Европын холбоо. Европ руу гарах дөт замыг хайж байгаа. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хувьд Монгол Улсын байр суурь тодорхой. Аль болох өөрийнхөө нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийг явуулж, тэндээс орлого олох боломжийг хайж байна. Хоёр хөршийн хувьд хоорондоо зөрчилтэй асуудал бий. Оросууд өөрсдийнхөө төмөр замаар ачаа тээврээ явуулах хүсэлтэй. Хятадууд болохоор дөт гэдэг утгаар нь Монголын нутгаар дамжуулан тээвэрлэхийг хүсч байна. Гурван талын түвшинд ярилцаад, энэ асуудалд ойлголцолд хүрч чадвал дамжин өнгөрөх тээвэрлэлт хөгжих боломжтой гэж харж байгаа.

-Евразийн эдийн засгийн коридорын төсөлд манай улс амжилттай оролцож чадвал эдийн засаг яаж тэлэх, ачаа тээвэрлэлт хэрхэн нэмэгдэх вэ?

-Манай улс төмөр замын ганцхан л шугамтай. Жилдээ 25 сая тонн ачаа тээвэрлэдэг. Дамжин өнгөрч байгаа ачааны хэмжээ 3-4 сая тонн л байгаа. Хэрвээ хос шугамтай болчихвол дамжин өнгөрөх ачааны хэмжээ 100 сая тонн хүрэх боломжтой. Оросын төмөр замны жишгээр бодоход шүү дээ. Энэ маш том тоо. Одоогийн төмөр замын олж байгаа ашиг орлого 4-5 дахин нэмэгдэнэ. Эдийн засагтаа айхтар том хувь нэмэр оруулж чадахгүй юм гэхэд, төмөр зам өөрийнхөө мөнгөөр асуудлаа шийдээд, үйл ажиллагаагаа явуулчих боломжтой болно.

-Авто замд гэхэд дандаа олон улсын санхүүжилтээр төсөл орж ирж, хэрэгжиж байгаа гэсэн. Манай талын хариуцах үүрэг нь юу юм бэ. Дандаа л гадны хөрөнгө оруулалтыг татаад, эсвэл зээлээд яваад байх нь зөв үү?

-Зээлээр хийж байгаа ч гэсэн Монголын л хөрөнгөөр л барьж байгаа замууд. Замын хувьд эдийн засгийн үр өгөөж чухал. Нөгөө талаар нийгмийн ач холбогдол бас бий. Эмнэлгийн болон нийгмийн бусад үйлчилгээг хүргэх. Зам байж л хөгжил урагшилна. Тиймээс зөвхөн эдийн засгийн үр өгөөжөө бодоод байхгүй нийгмийн асуудлыг ч бодолцох хэрэгтэй.

-Хилийн боомтуудын нэвтрэх хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай байх. Дан ганц манайхаас хамаарахгүй, хоёр хөрштэйгээ ойлголцох ёстой зүйл маш их байгаа байх?

-Тээврийн коридорт оролцох оролцоо үүн рүү чиглэж байгаа гэж ойлгож болно. Бид ямар ч хөзөргүй мөртлөө хөзөртэй хүмүүстэй адилхан тоглох гээд хэрэггүй. Тийм учраас өөрийнхөө нутаг дэвсгэр дээгүүр хөрш хоёр улсынхаа ачаа барааг явуулдаг. Явуулж байгаа ачаа барааныхаа хэмжээгээр тодорхой хэмжээ харилцаа, хамтын ажиллагааг үүсгэх боломж бүрдэх байх гэж харж байгаа.

-Манайх газар нутгийнхаа байршлын давуу талаа хөзөр болгож ашиглах боломжтой юм биш үү. Европ болон Азийн том орнууд манай газар нутгийг ашиглах сонирхол мэдээж байгаа байх?

-Хятадын эдийн засгийн гол бүсүүд яг манай улсын харалдаа байрладаг. Тэндээс гарч байгаа бүтээгдэхүүн зүүн талын Манжуураар биш Монголоор дайрч явбал илүү дөт, тээвэрлэлтийн зардал нь бага, хугацааны хувьд хэмнэлттэй. Тийм учраас Хятадын талын сонирхол манайхаар ачаагаа явуулах. Нэг ам.доллараар ч болов бага үнээр бүтээгдэхүүн нь зах зээлд очиж байвал ашигтай. Хятадын талаас тээврийн коридорт нэлээд ач холбогдол өгч байгаа. Оросын хувьд өөрсдийнхөө замыг ашиглах гэсэн сонирхолтой. Манай хувьд энэ хоёр орныг аль болох ойлголцуулаад, ачаа барааг нь дамжин өнгөрүүлэх сонирхолтой байгаа. Тэгэхээр гурван улс ойлголцолд хүрч байж л шийдэгдэх асуудал юм.

15755328785de8b94e4b367

   
Plugin from the creators of Brindes :: More at Plulz Wordpress Plugins